​Вьетнамын эртний нийслэл Хүэ хотноо Соёлын төв өргөө, Эрдэнэт хотын "Уурхайчин" соёлын ордны уран бүтээлчид

2018 оны 05 сарын 01

Вьетнамын эртний нийслэл Хүэ хотноо 2018 оны 4 дүгээр сарын 27-ноос ирэх сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй "Хүэ-2018" олон улсын урлагийн наадамд Соёлын төв өргөө, Эрдэнэт хотын "Уурхайчин" соёлын ордны 19 уран бүтээлч оролцож байна.

Манай уран бүтээлчид ардын болон уртын дуу, морин хуурын гоцлол, монгол үндэсний болон цэнгээнт бүжиг, гоцлол бүжиг, уран нугаралтын үзүүлбэрээс толилуулж байгаа бөгөөд монголын уламжлалт болон орчин үеийн урлагийг хослуулсан нь үзэгчдийн талархлыг хүлээлээ.

2000 оноос хоёр жил тутамд амжилттай зохион байгуулагдаж, олон мянган үзэгчдийг татсан тус наадамд энэ удаа Австрали, Бельги, Вьетнам, Дани, Израиль, Испани, Колумб, Лаос, Мексик, Монгол, Марокко, Орос, Польш, Словак, Солонгос, Филиппин, Франц, Хятад, Тайланд, Шри Ланк, Япон зэрэг 21 орны 35 хамтлаг уран бүтээлээ өргөн барив.

Зохион байгуулагчдын зүгээс тус наадамд 5 дахь удаагаа амжилттай оролцож буй манай уран бүтээлчдэд талархал илэрхийлж, наадмын хаалтын тоглолтод тусгайлан урьж оролцуулахаар боллоо.